2022-09-15

Альфачуудад зориулсан 21 дүгээр зууны сургууль буюу Монголиа Дижитал скүүл нь 2022-2023 оны хичээлийн жилээ удахгүй нээх гэж байгаатай холбогдуулан тус байгууллагын гүйцэтгэх захиралтай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

  • Та өөрийгөө товч танилцуулаач?

Сайн байна уу, энэхүү ярилцлагыг уншиж буй уншигчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Ганцэцэг гэдэг. Боловсролын салбарт 2016 оноос хойш төсөл хөтөлбөр, судалгааны чиглэлээр ажиллаж байна. 2017 оноос Сингапурын боловсролын байгууллагуудын талаар нэлээн судалгаа хийж олон чанартай хөтөлбөрүүдийг бүх монгол хүүхдүүд суралцаасай гэсэн үүднээс тэдний боловсролын байгууллагуудтай албан ёсны гэрээ байгуулан, франчайз эрхтэйгээр оруулж ирсний зэрэгцээ 2018 онд “Сингапур Скүүл оф Монголиа” дунд сургуулийг хамтран үүсгэн байгуулж, тэдгээр хөтөлбөрүүдийг турших, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж ирлээ. SSM сургуулийнхаа гүйцэтгэх захирлаар 3 жил ажиллаад, одоо Монгол-Сингапур улсын боловсрол судлаачдын хамтран үүсгэн байгуулсан UC Education Group”-ын  Монголиа Дижитал Скүүл төслийн захирлаар томилогдоод байна.

  • Одоо хэрэгжүүлж байгаа “Монголиа Дижитал Скүүл” төслөө танилцуулна уу

2018 онд Сингапур улсын нэр бүхий байгууллагуудтай хамтран “UC Education Group” нь “Mongolia Digital School” төслийг дижитал сургалтын арга зүйг Монгол улсад нэвтрүүлэх зорилготойгоор эхлүүлсэн.  Учир нь Хүүхэд хаана төрж, өсөж байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг олгож байх ёстой. Харвардын Их сургуулийн бага насны хүүхдүүдийн боловсролын төвийн судлаачдын Хятад, Индонези, Малайз, Монгол улсуудад хийсэн судалгаагаар, хөдөөгийн 5 настай хүүхдийн танин мэдэхүйн чадамж нь хотын 3 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн, уг зөрүүг хүүхдүүдийг 15 нас хүрэхээс нь өмнө арилгахгүй бол насан туршдаа өөр өөр сэтгэхүй, танин мэдэхүйтэй иргэд болон төлөвшинө гэсэн дүгнэлтэд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Энэ асуудлыг мэдээлэл, харилцааны технологийн ололтууд бүрэн шийдэх боломжтойг харгалзан дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх санаачилгыг бидний зүгээс гаргасан хэрэг.

  • Төслийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлээд байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, нийслэл, дүүргийн боловсролын удирдах ажилтнуудад зориулсан танилцах аяллыг Сингапур улсад зохион байгуулсан. Төслийн хамт олон БНХАУ, Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн. Хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад Нийслэлийн 9 дүүрэг, Ховд аймгийн 200 орчим багшийг хамруулсан. Олон тооны зөвлөх баг ажиллуулан франчайз хөтөлбөрүүдийг орчуулж нутагшуулан сургалтад нэвтрүүлэхээр зэхэж байна. Энэ бүх ажилд ойролцоогоор 370,000 ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийчхээд байна.

  • Цаашдын зорилго, алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ?

Олон улсын нэр хүндтэй хөтөлбөрийн сургалтад хүүхэд бүр суралцах боломжийг олгох нь манай эрхэм зорилго юм. Энэ зорилгынхоо хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг нь нэгэнт батлагдсан дижитал сургалтын хэлбэрийг түлхүү хэрэглэнэ. Ковидын өмнө боловсролын тэгш бус байдал 57 хувь байсан бол өнөөдөр 67 хувь болон өсжээ. Ковидын өмнөх болон дараах сурлага, хандлагын хоцрогдлын асуудлуудыг шийдэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. Цаашид Ерөнхий боловсролд  STEM боловсролын үзэл санааг нэвтрүүлж хөтөлбөрүүдийг интеграцчлах, ажил мэргэжлийн чиг баримжаанд тулгуурласан төрөлжсөн ахлах сургууль, жуниор коллеж, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбарыг хэрхэн уялдуулах талаар судалгаа хийх, бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, асран хамгаалагчдыг боловсролын өдөр тутмын үйл ажиллагаанд татан оруулах зэрэг нь манай төслийн цаашид анхаарал хандуулах гол талбарууд байх болно. Бид одоогоор Сингапурын 12 байгууллагын 19 хөтөлбөр, үйлчилгээний франчайз эрхийг эзэмшиж байгаа. Тэдгээрийг “Mongolia Digital School”-ийн сургуулийн дараах, сонгон суралцах хөтөлбөрүүдээрээ альфа үеийн хүүхдүүдэд зориулан хүргэх гэж байна.

  • Альфа үеийхэнд зориулсан сургууль гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлавал?

“Y үе”, “Z үе”-ийнхэн гэдэг нэршилд дасаж амжаагүй байтал тэдний араас шинэ үе гарч иржээ. Энэ бол альфа үеийнхэн. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд альфа үед хамаарч байгаа, тэд хэдийнээ 7 дугаар ангид дэвшин орж байна. Бид дараачийн 20 жилийн туршид альфачуудад боловсрол эзэмшүүлнэ. Тэдэнд бидний мэддэг “Уламжлалт сургалтын систем”, “Уламжлалт заах арга зүй”, “Хуучин агуулгын тогтолцоо”-гоор боловсрол эзэмшүүлэх боломжгүй болохыг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болохыг судалгаа харуулж байна.

Учир нь тэд дижитал майндсеттэй, сошиал хүрээлэлд оршдог, глобаль мэдлэгтэй, хязгааргүй орчинд “үйл” эрхэлдэг, харааны мэдрэхүйн давуу хөгжилтэй гэдгээрээ бидний мэддэг “суралцагч” нараас өөр.

Цаашид нэг нэг судлагдахуунаар хичээлүүд орж, бүлэгт хуваарилж, анги, улирлаар сургалтаа зохион байгуулж, дүнгээр эрэмбэлдэг, эсвэл хүсэл сонирхлоор нь ялгаварладаг уламжлалт тогтолцоог халж, интеграцчилсан агуулга бүхий хөтөлбөрүүдийг төрөл бүрийн орчин(hybrid)-д байрлал, хугацаа үл харгалзан хүүхэд бүрд чанартай боловсрол мэдлэг эзэмшүүлэх шинэ сургалтын хэлбэр, хэв шинж рүү шилжих ажлыг эхлүүлэх цаг нэгэнт болжээ.

 2030 он гэхэд одоо байгаа мэргэжлүүдийн 67% нь үгүй болохыг Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан. Мэдээж шинэ мэргэжлүүд үүснэ, гэхдээ ямар гэдгийг одоогоор таах аргагүй. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр аль ч цаг үед эрэлт хэрэгцээтэй байхын тулд ямар чиглэлээр суралцах нь ч ойлгомжгүй болж эхэлсээр. Тиймээс альфачуудыг ирээдүйд бэлтгэхийн тулд тэдэнд холистик буюу цогц боловсрол олгох талаар бодож эхлэх цаг болсныг бид ойлгож байгаа. Яг одоогийн бидний сургууль, цэцэрлэгтээ олгодог боловсролын үйлчилгээ нь дээрх хүлээлтэд хүрэх боломжгүйг судлаачид бичиж эхэлсэн байгаа. Мөн судлаачид альфа хүмүүсийг амьдралынхаа туршид таван өөр төрлийн мэргэжил, 20 ажил олгогчийг солино, гэхдээ шинэ үеийнхэн өөрсдийгөө хөгжүүлж, сургаснаар харьцангуй боловсролтой үе болно гэдгийг онцолж байгаа юм.

  • “Монголиа Дижитал Скүүл”-ийн сургалт хөтөлбөрүүд ямар онцлог давуу талтай, суралцагчдын ямар чадварыг хөгжүүлэх боломжийг олгож байгаа вэ?

Сургалтын арга зүй нь уламжлалт сургалтыг дижитал сургалтын арга зүйтэй хослуулсан blended (холимог) хэлбэртэй байна. Энэ нь хэзээ ч, хаанаас ч, ямар ч хэлбэрээр суралцах боломжийг хүүхэд бүрд олгоно. Сингапурын боловсролын хөтөлбөртэй, блэндэд сургалтын арга зүйд тулгуурлаж байгаа тул өөрт тохиромжтой цагаараа хичээлдээ суух боломжтой, хиймэл оюун ухаанд суурилсан багш болон суралцагчийн дижитал платформууд, гадаад монгол багштай, Сингапурт суралцагч солилцоогоор сурах боломжтой зэргээрээ онцлогтой. Бид 21 дүгээр зууны гэсэн өнгө аяс бүхий сургалтын 3 хөтөлбөрийг монгол хүүхдүүддээ санал болгоход бэлэн болоод байна.

  • 3 хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулах шаардлагатай байх. Эхлээд англи хэлнээс танилцуулах уу?

Бид Сингапур улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, дижитал боловсролын агуулгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлдэг “Orca Global, StarPub, Jules Corporation зэрэг томоохон байгууллагуудын олон жил туршигдаж батлагдсан  Computational Thinking, I Can Read English, Discovering Mathematics хөтөлбөрүүдийг энэ жил хүргэнэ. Хөтөлбөр тус бүр нь суралцагчдад 21-р зууны чадамж эзэмшүүлэх, сүүлийн жилүүдэд түлхүү яригдах болсон STREAM (STEAM+Reading-г агуулсан) интеграцчилсан сургалтын концепц, хатуу, зөөлөн ур чадварыг тус бүр тусгасан давуу талтай хөтөлбөрүүдийг сонгож авсан байгаа.

 Сингапурын Orca Global байгууллагын Англи хэлний “I Can Read” /5-12 нас/ хөтөлбөрийг Австрали 2 эрдэмтний 15 жилийн судалгаанд үндэслэн хөгжүүлсэн баялаг түүх, өвөрмөц туршлагатай хөтөлбөр юм. Нийт 15 улсад 200 гаруй төв, сургуулийн түншүүдтэй болон өргөжсөн, өнөөгийн зах зээлд нийцсэн шилдэг сургалтын хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр түүний үр шимийг хүртсэн 300,000 гаруй хүүхдийн амжилтын түүхийг тэмдэглэж чадсан юм. Бид Монголд анх тус хөтөлбөрийг “Сингапур Скүүл оф Монголиа” сургууль дээр англи хэлний хөгжүүлэх хөтөлбөр болгон нэвтрүүлж байсан. Одоо “Монголиа Дижитал Скүүл”-ээр ахин сайжруулж, Ковидын үед олж авсан давуу тал, дижитал сургалтын элементүүдээр баяжуулан илүү туршлагатай, шинэлэг байдлаар хүргэх болсноо дуулгахад таатай байна. I Can Read хөтөлбөр нь англи хэлийг илүү системтэйгээр авиа зүйн онцлог шинж чанарт тулгуурлан унших чадвараар дамжуулан эзэмшүүлж өөрийнхөө ахиц дэвшлийг хянах боломжийг олгодог. Ярих, сонсох, бичих гэх чадваруудыг хөгжүүлэхээс гадна арт, технологи зэрэгтэй хослуулан сургадгаараа давуу талтай. Сурагчийн гарын авлага, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлага, онлайн курсүүд, дижитал платформууд (өмнө байгаагүй шинэ боломж), багш мэргэшүүлэх сургалт, багшийн платформ зэрэг маш олон зүйлийг багтаасан. Эдгээр бүх зүйл манай сургалтад хамрагдсан суралцагчдад нээлттэй болж ашиглах бүрэн боломжтой болно гэсэн үг.

  • Шинэлэг сонсогдож байна. Одоо математикийн хөтөлбөрийг танилцуулцгаая.

Сингапурын StarPublishing  байгууллагын “Discovering Mathematics” /11-12 нас/ хөтөлбөр нь бидний хэвшсэн математикийн ойлголтыг эвдсэн, математик бол илүү сонирхолтой, хөгжилтэй, амархан гэх мэдрэмжийг суралцагч, багш хоёрт аль алинд нь мэдрүүлж чадахаар технологийн дэвшилтийг маш оновчтой ашиглаж чадсан, платформд суурилсан сургалтын шинэлэг шийдэл юм. Багш болон суралцагчид цахим гарын авлага ашиглан хичээлээ үзэж болох бөгөөд, сэдэв бүрд зориулсан тайлбар бүхий видеотой, цахим төрөл бүрийн хэрэглэгдэхүүн багтсан юм. Суралцагчдыг математикт дур сонирхолтой болгон, бие даан, үр дүнтэй суралцах арга барилд сургах онцлогтой. Угаасаа математикт дургүй хүүхэд гэж байдаггүй. Харин тэр хүүхдэд тохирсон аргаараа, тохирсон хэмжээгээр, зөв агуулгаар суралцах боломж олгож байсан уу гэдэг нь л асуудал юм. Бид хүүхэд бүрийг өөр өөрийнхөө хэмнэлээр, өөрийнхөө өнөөгийн түвшинд таарсан агуулгыг үзэж судлан, өсөлт хөгжилтөө байнга анзааран хянах замаар агуулгын хоцрогдол, суралцахуйн хоцрогдлоос бүрэн гарч, цаашид тийм асуудал гаргахгүй байх нөхцөл боломжийг хангаж өгөх нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн том давуу тал болно. Түүнчлэн хөтөлбөрт багтаж байгаа багшийн платформ нь багшийг цаасны ажлаас 100% чөлөөлж чадна гэдгийг хэлэхэд таатай байна. Багш хүүхэд бүрийн онцлогт тохирсон “ганцаарчилсан” сургалт зохион байгуулах бүрэн боломж нээгдэж байгаа. Мөн бусад хөтөлбөртэй адил технологи, инженерийг, байгалийн ухаан, математикийн хүрээтэй хослуулан сургах юм.

  • Боловсролын хөтөлбөр байтугай бидний амьдралд сонсогдож эхлээгүй байгаа Computational Thinking-ий тухайд?

Jules corporation байгууллагын “Computational Thinking” буюу Дижитал хэл сэтгэлгээ /5-8 нас/ нь хүүхдүүдийг ирээдүйд бэлтгэх, нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх ухаан, дадлыг эзэмшүүлэн тодорхойгүй ирээдүйд бэлтгэх зорилгыг хамт агуулж байдаг. Өнөөгийн бидний амьдралын бүхий л үе шат, хэсгүүд нь дижитал хэл сэтгэлгээ, мэдээлэл харилцаа холбооны технологи, техник хэрэгслүүдтэй салшгүй холбоотой. Дижитал хэл сэтгэлгээ нь яг л төрөлх хэл сэтгэлгээ, гадаад хэл сэтгэлгээ гэдэгтэй ижил түвшинд авч үзэх болсон жинхэнэ 21 дүгээр зууны чадамж юм. Үүнийг эзэмшүүлснээр хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, логик сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвартай болгох зэрэг маш олон давуу талтай. Мөн видео, энтертайнмент зэрэг зүйлс дээр тулгуурласан, сургалтын өмнө суралцагчдыг уяхын тулд тоглоомын аргыг суурилсан. Суралцагчдад зориулсан ухаалаг апп, ном, гарын авлага, биеэр гүйцэтгэх дадлага ажлууд, багаар гүйцэтгэх хөгжөөнт тоглоомууд зэргийг багтаасан байгаа. Хөтөлбөрийн онцлог нь түүх хүүрнэх, тоглонгоо суралцах, асуудал шийдвэрлэх зэрэг элементүүдийг багтаасан цахим тоглоом байдаг. Тусгайлан тоглоомд зориулж бичсэн түүхийн дагуу даалгавар биелүүлж оноо цуглуулах зарчмаар тоглодог. Энэ завсраа хүүхдүүдэд мөн санхүүгийн боловсролыг хамт эзэмшүүлдэг болохыг дурдах хэрэгтэй байх. Тоглоом тоглоод, анзаарах сөхөөгүй байж байтал л даалгавар бүр, үе ахих бүрд суралцагчийн өөр өөр чадварыг хөгжүүлчихсэн байдаг. Ерөнхийдөө тоглонгоо суралцана гэж ойлгож болно. Ялангуяа Сингапур, Вьетнам улсуудад нэлээд амжилттай хэрэгжиж байгаа.

  • Хосолсон сургалт гэж юу вэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байх?

Хосолсон сургалт (Hybrid) хувьд face to face (ангид болон онлайн) болон веб (платформ)-д суурилсан сургалтын зарчмыг баримтлан хөгжүүлэх үйл ажиллагаа, бие дааж суралцах аргуудыг нэг дор цогцлоосон орчин үеийн боловсролын чиг хандлагыг голлон авч үзсэн. Альфа үеийнхэнд хамгийн их тохирох сургалтын арга учраас хөтөлбөр бүрдээ тусгаж, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ямар нэгэн агуулгын хоцрогдол үүсэхгүй байх тал дээр анхаарсан. Энэ талаараа манай зарлаж буй хөтөлбөрүүд давуу талтай. Жишээлбэл хөгжүүлэх үйл ажиллагаанд олимпиад уралдаан тэмцээн, зуны сургууль, сурагч солилцоо зэрэг багтаж байгаа юм. Ингэснээр манай хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа хүүхдүүдэд илүү их боломж нээлттэй байгаа гэсэн үг. Мөн бие дааж хөгжих боломжийг бүрэн олгож, хиймэл оюун ухаанд суурилсан апп, гэрийн даалгавар давтлага зэргийг сурагчдад илүү нээлттэй хялбараар хэрэглэх боломжийг олгож байна.

  • Сургалтууд нь хэзээнээс элсэлт авч эхлэх вэ? Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар шалгууртай вэ?

Манай сургалт 10-р сарын 1-ний өдрөөс элсэлтээ авч эхэлнэ. 5-12 настай сургалтыг сонирхож буй хүүхэд бүрд нээлттэй. Хичээлийн дараах цахим, танхим хосолсон сургалт учраас цагийн  хуваарийн уян хатан нөхцөлтэй.

  • Сургалтыг орох багш нарын талаар мэдээлэл өгвөл?

“Багшийн мэдлэгээс давсан
Боловсролын чанар гэж үгүй”

Монголиа Дижитал Скүүл нь зөвхөн суралцагчийн эзэмших чадамжаас гадна  багшийн хөгжил, мэргэжлийн чадамж болоод хувь хүний чадамжийг хөгжүүлэх, чадавхжуулах тал дээр анхааран ажилладаг. Үүний хүрээнд бид

  • Багш нарыг “баримт бичиг, цаас” боловсруулах ажлаас 100% чөлөөлөх;
  • Багш ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэргээр багш нарын ажлыг хөнгөвчилж, цаг завыг нь хэмнэх, багшийг аз жаргалтай стрессгүй орчинд ажлаа хийх боломжоор хангах ажлыг мөн адил эхлүүлээд явж байна. Манай хөтөлбөрүүдийн бас нэг давуу тал бол бүгд багшийн тусгайлсан сургалттай, гарын авлага хичээлийн төлөвлөгөө, багшийн платформ, апп-тай, багшийн хөгжлийг дэмжсэн бүхий л талын боломжуудыг олгодог учраас манай сургалтыг орох гэж буй багш нар эдгээр бүх боломжоор хангагдаж, хөтөлбөр тус бүрийг заах, чиглүүлэх бүхий л талын арга зүйг эзэмшинэ. Тийм учраас багшийн мэдлэг болоод чадвар, хандлага, арга зүйд эргэлзэхгүй байж болно гэсэн үг. Мөн эдгээр хөтөлбөрүүдийг гадаад болон монгол багш нар заана. Өөрөөр хэлбэл энэхүү гурван хөтөлбөрийг заах багш нар маань хөтөлбөр тус бүрийн платформоос сургалт аван мэргэшсэн багш нар байна гэсэн үг.
  • Эдгээр хөтөлбөрүүдэд суралцсанаар ямар нэг үнэлгээ тавигдах уу?

Хөтөлбөр тус бүр өөр өөрсдийн онцлог, агуулга дээр тулгуурласан явцын үнэлгээ хийх төрөл бүрийн дасгал даалгавар, тест, тоглоом зэргээр өөрийгөө шууд үнэлэх боломжийг олгосон. Эдгээрээс гадна “SmartJen” гэх хиймэл оюун ухаанд суурилсан Сингапур улсын боловсролын стандарт, суралцахуйн зорилтод нийцсэн агуулга хүрээгээр үнэлгээ хийдэг энэхүү цахим платформыг бид албан ёсны эрхтэйгээр хэрэглэх юм. SmartJen-р дамжуулан бид суралцагчдын өмнөх мэдлэг, шинээр бүтээсэн мэдлэгээ хэр эзэмшиж байгаа, тэдний дунд агуулгын хоцрогдол үүссэн эсэх зэрэг маш олон төрлийн өгөгдөл, мэдээллийг цуглуулж авах, түүнийг сургалтын чанарыг сайжруулахад ашиглах гэх мэт маш олон ажлыг төлөвлөөд байна.

  • Эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн үйл ажиллагаа байгаа юу?

Бид эцэг эхтэйгээ маш ойр байхыг зорьж байгаа. Яагаад гэвэл хүүхдийг суралцахад хамгийн ихээр дэмжлэг үзүүлэх хүмүүс бол эцэг эх, асран хамгаалагчид. Тэд хүүхдүүдээ хамгийн сайн мэдэх ёстой, тусалж дэмжих ёстой чухал хүмүүс. Тийм учраас бид тэдэнд боловсролын талаар, хүүхдийнх нь нас сэтгэхүйн онцлог, сурах арга барил, асран хамгаалагчид болон хүүхдийн харилцааг дэмжих. Эцэг эх, асран хамгаалагч нарын боловсрол, мэргэжил, туршлагыг хичээл сургалтад үр дүнтэй ашиглах мөн сургалтын агуулга, хүрээ мөн онцлог давуу талыг ойлгох зэрэг маш олон талын мэдээ мэдээлэл түгээх сургалт семинар, арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Ялангуяа манай сургалтууд ихэвчлэн бие даах үйл ажиллагаанд тулгуурлаж байгаа учир эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг манайхаас хэрэгжүүлж байгаа Mom’s School хөтөлбөрийг сонгосон ээж нарын туршлага харуулж байна.

  • Таны ярианаас анзаарахад танай санал болгож буй хөтөлбөрүүд бүгд л дижитал, апп-д суурилсан байна. Нэг талаараа дижитал шилжилт, технологийн шинэчлэлтийг ашигласан нь давуу тал боловч нөгөө талаас эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдийнхээ дэлгэцийн хамааралтай тэмцэх, утас таблетээс хол байлгах хүсэлтэй болсон. Энийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

Бүх хөтөлбөр өөрийн гэсэн апп, цахим платформтой энэ нь миний яриад байгаа альфа үеийнхний ертөнц, харилцаа холбоо, сурч мэдэх зэрэг бүхий л үйл ажиллагаа цахим болсонтой холбоотой. Эцэг эх, суралцагчдын хүсэлтийг харгалзан үзэж, хуваарийг гаргана. Бид сургалтаа 25% онлайн, 75% оффлайн хэлбэртэйгээр зохион байгуулна. Онлайн хэсэгт апп болон бусад цахим хэрэгсэлтэй ажиллах, мөн цахим хичээлд оролцох зэрэг багтаж байгаа бол, оффлайн хэсэгт танхимд орох хичээл, лабораторид хийгдэх туршилт, бие даан ажиллах цаг  зэрэг багтаж байгаа. Мөн  зөвшөөрөгдсөн цагийн хуваарийн дагуу суралцагчид апп дээрх тоглоомуудыг тоглох, бусад цахим платформд нэвтрэх юм. Үүнд багш болон эцэг эх, асран хамгаалагчид анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ. Бид ковид-19 цар тахлын үед цахимаар хичээл сургалт явуулах боломжтой гэдгийг маш сайн ойлгосон. Тийм учраас үүнд ямар нэг хүндрэл учрахгүй.

  • Улаанбаатараас өөр газар байгаа элсэхийг хүссэн суралцагчдыг хэрхэн зохицуулах вэ?

Монголиа Дижитал Скүүл одоогийн байдлаар Налайх, Дарханд салбар төвтэй. Тэгэхээр Улаанбаатар, Налайх, Дарханд амьдардаг суралцагчид танхимын сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцох боломжтой гэсэн үг. Цаашид бид 21 аймагт салбар төвөө нээх төлөвлөгөөтэй байгаа учраас удахгүй хөдөө орон нутагт байгаа суралцагчдадаа илүү ойрхон болно. Мөн хөдөө орон нутагт байгаа элсэгчид 100% онлайн сургалтад хамрагдах боломжтой.

  • Элсэлт авч буй хөтөлбөрүүдийн төлбөрийн талаар мэдээлэл өгвөл?

Хөтөлбөр тус бүр гадаад болон монгол багш, танхим эсвэл зайн сургалт гэдгээс  хамааран өөр өөр дүнтэй.

  • Англи хэлний (ICanRead) хөтөлбөр нэг жилийн турш онлайн сургалт бол 1,000,000₮, танхимын сургалт бол 1,500,000₮
  • Математик (Discovering Mathematics) хөтөлбөр нэг жилийн турш гадаад багштай бол 850,000₮ монгол багштай бол 700,000₮
  • Дижитал хэл сэтгэлгээ (Computational Thinking) нэг жилийн турш 1,000,000₮

Нэг айлаас хамрагдаж буй хүүхдийн тооноос хамаарч төлбөрийн хөнгөлөлтийг журамдаа тусгасан байгаа. Сургалтын төлбөрт сонгосон хөтөлбөрийн багц хэрэгсэл (суралцагчийн платформ-д нэвтрэх эрх, ном, сурах бичиг, гарын авлага, лабораторийн кит) багтах ба нэмэлтээр таблет, дүрэмт хувцас, цүнх гэх мэт бусад хичээлийн хэрэглэгдэхүүнийг захиалан авах боломжтой.

  • Сургуулийн дараах хичээлээс гадуурх сонгон суралцах хөтөлбөр гэхээр оройн цагаар орно гэсэн үг үү?

Өмнө нь хэлсэнчлэн танхим болон зайны сургалтаар хичээллэнэ. Хүүхдийн суралцах 1 өдрийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс ажлын бус өдрүүд буюу бямба, ням гарагуудад элсэж буй хүүхдүүдийн тооноос хамааран бүлэгт хуваан хичээлийн хуваарь гарган зохион байгуулна.

Танд ажлын амжилт хүсье.

 

2022.09.15

Улаанбаатар хот

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn